Монгол Улс хөгжих үү, уруудах уу


-Оюутолгой, тавантолгой зэрэг томоохон орд энэ төрийн үел эхнээсээ элийн засгийн эргэлтэл орж байна-

Монгол Улс хөгжих үү, уруудах уу гэдэг нь өнөөдрийн эрх баригчдын гарт байгаа. Яагаад гэвэл, дэлхийн уул уурхайн томоохон компаниудын анхаарлыг татаж буй Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон орд энэ төрийн үед эхнээсээ эдийн засгийн эргэлтэд орж байна. Хэрэв улс төрчид нь хувийн эрх ашиг, улс төр, бизнесийн бүлэглэлийн олигархиудын хүчинд авталгүй зөв бодлого хэрэгжүүлж, байгалийн баялгаа үр өгөөжтэй ашиглавал Монгол Улс XXI зуунд түүхэн бүтээн байгуулалтыг хийж чадна. Эс тэгвээс баялгийн хараал гэгч болж, Африкийн орнуудын гашуун түүхийг давтахгүй байхыг үгүйсгэхгүй.

Харин Чили, Ботован, Намиби зэрэг улс шиг төрийн оновчтой бодлогоор уул уурхайн баялгаа зөв ашиглаж чадвал хөрш, зэргэлдээ орнууд шигээ "гэрлийн хурд"-аар хөгжиж, эдийн засгийн хүчирхэг улс болох боломж байна. Хамгийн гол нь энэ бүхэн өнөөгийн эрх баригчдын мэргэн ухаанаар шийдэгдэнэ гэдийг онцолж хэлье.

Энэ бүгдийг тоочих болсон учир нь гэвэл, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай байгаа. Тиймээс Тавантолгойг онилж, эндээс их ашиг олно гэж тооцоолсон зарим улс төрч, бизнесменүүд сэмхэн хор найруулж, лобби хийгээд гүйж яваа гэх. Мөн "хар алт"-ны асар их, тодруулбал 300-гаад жилийн нөөцтэй энэ ордыг сонирхож, хамтран ажиллах хүсэлтэй байгаа гадаадын уул уурхайн компаниудын төлөөлөл Монголд ирж, Засгийн газраас гарсан ажлын хэсгийнхэнтэй нууц уулзалт зохион байгуулсан тухай чих дэлсэх болов. Энэ уулзалтаар төмөр замын асуудлаас гадна хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэр барих тухай хөндөгдсөн сурагтай.

Хэдийгээр, Ерөнхий сайд С.Батболд "Тавантолгой 100 хувь төрийн мэдэлд байх хувилбарыг дэмжинэ" гэж
байгаа ч зарим улс төрч өөр бодолтой яваа бололтой. Тэдний нэг нь Х.Бадамсүрэн гишүүн гэх. Тэрбээр саяхан Тавантолгойд ажиллаж, төмөр замын асуудлыг яаралтай нэг тийш нь болгоно гээд явжээ. Хааш нь
яаж болгох гээд байгааг мэдэхгүй ч УИХ-ын хаврын чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэх үед түүний байр
суурь тодорхой болно.

Нөгөөтэйгүүр, эрхэм гишүүн Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон болохоор тойргийнхоо хөгжилд анхаарлаа хандуулах нь мэдээж. Мөн олон жил уул уурхайн салбарт удирдах ажил хийсэн түүний үгийг
ангийн нөхөд нь сонсдог болохоор "давуу талаа" ашиглаж, бусдын тархийг угаахгүй байгаа гэж хардах
хүн цөөнгүй байна. Өөрөөр хэлбэл, түүнийг "Энержи pecypc''-ийнхны талд үйлчлэхгүй байгаа даа гэж болгоомжилсондоо тэр биз. Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамаардаг гэдгийг бүгд мэддэг.

Дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ савлахад манай улсын эдийн засаг дагаад л хэлбэлздэг. Шуудхад хэлэхэд, улсын төсөв алдагдалтай гарах эсэх нь зэсийн үнээс хамаардаг болсон. Тиймээс туршлагатай улс төрч, эдийн засагчид "Манай улс хоёр, түүнээс дээш эдийн засгийн хөлтэй болох хэрэгтэй. Нэг нь доголдоход нөгөө нь нөхдөг тийм эдийн засгийн орчинг бий болгох цаг болсон" гэдийг нэг биш удаа хэлж
байсан. Энэ оргүй үг биш. Гэхдээ бид уул уурхайн баялгаа зөв ашиглаж чадвал нэг хөлтэй эдийн засагтай
байсан ч газардахгүй.

Үүний бэлэн жишээ гэвэл дээр дурдсан Чили, Ботован, Намиби улсууд юм. Уул уурхайн баялгаа түшиглэн
хөгжлийнхөө дардан замд хэдийн гарсан дээрх гурван улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд зургаан үндсэн зүйл чухал үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг. Юу гэвэл, макро эдийн засгийн зөв удирдлага, хэд хэдэн гарцтай гадаад зах зээл, төр зохицуулалт хийж, хувийн хэвшил үйл ажиллагааг нь явуулах, өөрийн боловсруулах үйлдвэртэй байх, технологийн давуу талыг хэтдээ бий болгох, үр ашигтай төмөр замын дэд бүтцийг байгуулах аж. Тиймээс Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны ажлын хэсгийнхэн уул уурхай давамгайлсан эдийн засагтай эдгээр орны туршлагад тулгуурлан урт хугацааны
төсөл боловсруулсан юм.

Хэдийгээр манай улс далайд гарцгүй ч төрийн зөв бодлоготой байвал дэлхийн аль ч улс оронтой төмөр
замаар холбогдож болно. Тиймээс хүнд аж үйлдвэрийн цогцолборыг Сайншандад байгуулах төсөл боловсруулжээ. Монголын төмөр замын дагуу байрлалтай, гадаад зах зээлтэйгээ ойрхон, Оюутолгой, Тавантолгой гээд бусад орд газраас холгүй, шинээр барих төмөр замын уртын хэмжээ болон зардал бага
учраас хамгийн тохиромжтой байршил гэж үзсэн байна. Тэгээд ч Сайншанд нь зэсийн баяжмал болоод
коксжих нүүрсний хамгийн том зах зээл болох Хятад улстай ойрхон, тээвэрлэлтийн зардал бага гээд давуу тал ихтэй.
Нөгөөтэйгүүр, ашигт малтмалын гадаад үнийн хэлбэлзлийн нөлөөллийг багасгаж, Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтуудад хүрэхэд хамгийн зөв хувилбар гэдгийг хөндлөнгийн ажиглагчид ч тооцоолсон байдаг. Тэгэхээр Тавантолгойн нүүрсийг ганцхан урд хөрш рүү биш, ОХУ, цаашлаад Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг зэрэг улсад гаргахад манай улсын эдийн засаг тэр хэмжээгээр өснө гэсэн үг.

Ч.Хулан
gogo.mn


Хэрэглэгчийн нэр :
Сэтгэгдэл :