Нямтайшир “Нарийн сухайт”-ын ордыг нарийн аргаар дээрэмджээ


Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Нарийн сухайтын чулуун нүүрсний орд Шивээхүрэнгийн хилийн боомтоос ердөө 50 км-ын зайд оршдог. 2002 онд энэ ордод Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-Мак-Нарийн сухайт” компани олзборлолт хийн жилдээ 1.5 сая тонн сайн чанарын коксжсон нүүрс урагшаа гаргаж байна. Аль болох их хэмжээний нүүрс зөөхийн тулд хил хүртэл хатуу хучилттай зам тавиад дуусах шатандаа оржээ. Өнгөрсөн жил төмөр зам тавихаар зураг төслийг нь хийлгүүлээд амжсан гэнэ. Ийнхүү бараг 250 сая тоннын нөөцтэй энэ орд хятадын эдийн засгийн аварга машины араанд хамаг байдгаа тээрэмдүүлж эхлэх нь. МАК-ийн захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч гэсэн хэргэмтэй Б.Нямтайшир болон түүний хятад түншүүд Тавантолгой, Оюутолгойгоос өмнө амжаад төмөр зам, авто замын сүлжээтэй бие даасан нүүрс зөөх сувгаа байгуулахаар зүтгэж байгаа нь энэ юм. Гэсэн ч ийм том орд юутай хээтэйгээ хэрхэн Б.Нямтайшир захирлын гарт орсон нь сонирхолтой юм. Нарийн сухайтын орд анхандаа өөр эзэнтэй, нутгийн нэгэн бизнесмэний мэдэлд байжээ. Тэрээр ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг төдийгүй 2-3 цооног нээчихсэн байсан. Нүүрсээ урагшаа гаргахаар гэрээ хэлэлцээр байгуулж Хятадын компаниас 60 тоннын даацтай хорь гаруй тэрэг зээлээр авахаар тохиролцжээ. Ингээд нүүрс тээвэрлэх тэрэгнүүдээ оруулж ирэхдээ тухайн үед гаалийн татварыг нь яаж ийгээд аргалчихсан байж. Тодруулж хэлбэл нүүрсний орлогоосоо дараа төлөхөөр гаалийнхантай тохиролцсон байсан бөгөөд дээр нь татвараа ч бага тогтоолгож чаджээ. Чухам энэ байдлыг л МАК-ийнхан чадмаг ашиглаж баян уурхайг өөрийн болгох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр ханцуй шамлан дайрсан гэдэг. Хамгийн түрүүнд гэнэгүй байсан бизнесмэн эрийн гаалийн татварын хэргийг сөхөж тавьжээ. Асуудал дорхноо өндөр аван гаалийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэдэг үндэслэлээр эрүү үүсгэгдэн олон сая төгрөгний төлбөрт унав. Хэрэв төлбөр, торгуулийг төлөхгүй бол хэзээ мөдгүй дээлийг нь нөмрүүлэхээр гааль, цагдаагийнхан заналхийлжээ. Удалгүй азгүй эрд бас нэгэн таагүй явдал тохиож нүүрс авахаар гэрээлсэн хятадууд нь гэнэт гэрээгээ цуцлах нь тэр. Энэ нь МАК-ийн хятад түнш “Чинхау” компаний хийсэн явууллага байсан нь хожим нь тодорхой болсон. Гаалийн татварын баахан өртэй, дээр нь нүүрсийг нь авах газаргүй болсон үед нь МАК-аас лицензийг нь худалдан авах ажил хэрэгч санал иржээ. Эхэндээ татгалзаж үзсэн боловч хотын баян компанид хатуурхах тусам төрийн зүгээс ирэх дарамт, шахалт улам чангарч байсан аж. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон тэрээр ойр дотныхондоо “гаалиас дарамтлаад, хятадууд хулхидаад намайг гарах газаргүй болголоо” хэмээн ярьж байсан гэдэг. Эцсийн эцэст түүнд МАК-ийн хэлсэн үнээр лицензээ зарахаас өөр арга үлдээгүй аж. Ингэж Өмнөговь аймагт төрийн байгууллага, хувийн баян компанитай нягт “хамтран ажилласны” дүнд нүүрсний уурхай жараахайн мэдлээс амархан мултарч тулын аманд орсон нь энэ юм. Гар сэтгэл нийлэн хамтран ажилласан, туслалцаа үзүүлсэн төрийн албан хаагчдыг баян компаниуд бийлэгжүү шагнаж урамшуулдаг билээ. Нарийн сухайтын ордыг нарийн аргаар өөрийн болгож авсаны дараа МАК нь хятад түнш болох “Чинхуа”-тай хамтарсан компани байгуулан хүнд даацын машинуудаар өдөр шөнөгүй нүүрс зөөж эхэлсэн. Энэ нь Б.Нямтайшир захирал болон МАК-д асар их ашиг авчирснынэг нотолгоо нь уурхайгаас хил хүртэл 60 гаруй км хатуу хучилттай замыг өөрийн 6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр тавиад байгаа явдал юм.
Сэрүүлэг


Хэрэглэгчийн нэр :
Сэтгэгдэл :  
Шүүгч :Ийм л дээрэмчид Монголын ард түмний өмчийг дангаараа эзэгнээд дампуу үр хүүхдүүдтэйгээ дэлхийгээр аялан хаа сайгүй нууцаар орд харш худалдан аван орогнон зуугаацаж байна Энэ шудрага биш тогтолцоог халах хэрэгтэй
182.160.31.59