"Хаалттай ардчилал" ба баялгийн хараал
Огноо: 2010:03:10

Бидний монголчуудын өнөөгийн хүслэн бол Оюутолгойн орд газрыг ашиглах явдал байсан гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй болов уу. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон хонохоор барахгүй бүр тэр чигтээ хоосроод үлдэх магадлал маш өндөр байх шиг байна. өөрөөр хэлбэл өнөөх сүр дуулиан болоод байсан Оюутолгойн орд газрын нөөц баялаг чинь харахад ойр ч хазахад хол гэдгийн үлгэрээр орох магадлал маш өндөр болчихлоо гэсэн үг л дээ. 45 сая тоннын нөөц 25 сая болтолоо буурч байна гэдэг чинь энгийн иргэд эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн эх орныхоо хишиг буянаас хувь хүртэх магадлал тэр хэрээр багасна гэж ойлгогдоод байгаа юм.
Нөгөө талаар дэлхий даяар яриад байдаг өнөөх байгалийн баялгийн хараал гэдэг чинь бидэнд бодитоор нүүрлэчихээд байна. Хэдийгээр монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг ч асуудалд ухаалгаар хандаж, аюулыг зайлуулах аргачиллаа эртхэн олохгуй бол хожим хар толгоигоо чиаах нь буу хэл тасалж хаяад ч нэмэр болохгүй нь тодорхой. Тэгээд ч саяхан дэлхийн улс орнуудыг ардчиллыг ямар замаар хэрхэн хөгжүүлж байгаа, ардчиллын шалгуурын альхан гишгүүр дээр зогсож буй тухайд судалгаа хийн, дүнг нь гаргажээ. Тэгсэн тэр жагсаалтад ардчиллыг амгалан тайван замаар байгуулсан хэмээгдэн биеэ тоож цээжээ дэлдээд байдаг бидний монголчууд нэлээд доогуур зогсож байх юм.
Тодруулбал "дефект"-тэй ардчилалтай улс орон хэмээн тэмдэглэгдсэн байна лээ. Энэ нь манай улсад засаглал авлигад автаж, ямар ч хариуцлагагүй басхүү хяналтгүй болсон гэсэн үг гээд ойлгочихож болно. Тэгээд дээрээс нь хяналтгүй уул уурхайн мөнгө ороод ирвэл "хаалттай ардчилал"-тай улс оронд тооцогдох болно. Хэрвээ нэгэнт тэрхүү "хаалттай ардчилал" гэсэн ангилалд орчихож гэмээнэ нөгөө баялгийн хараал гээчийг хүртжээ гэж ойлгож болно. өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээнд мөрдөгддөг ёс журам, ангилал шатлалын адгийнхад нь орно гэж оилговоос зохилтои. Орох магадлал маш арвин байна хэмээн учир мэдэх, тохитой томоотой хүмүүс айн ширвээтэж эхэлсэн. Гэхдээ туйлын юм гэж байхгүй хорвоо болохоор гарах гарц байгаа нь мэдээж. Хаа нэгтээ амьдралд нэг хаалга нээгдэж өөр нэг хаалга хаагдаж байдаг гэж уншсан санагдана.
Тэр жишгээр гарах гарцтай асуудал гэх гэсэн юм. Харин бидний хувьд үүсч буй нөхцөл байдлаас гарах арга нь маш энгийн. өөрөөр хэлбэл эх толгой нь мэдэгдэхгүй энэ төрийн бантангжаахан цэгцлээд өгөх шаардлага. Хамтарсан нэрийн дор хамаг байдгаа хуйвалдааны аргаар шийдэж буйг таслах ёстой. Миний бодож буйгаар эл асуудлыг иргэний хөдөлгөөн, энгийн иргэд оролцохгүйгээр зохицуулж боломгүй санагдаад байгаа юм. Гэвч манай улсын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний хөдөлгөөнүүд багачуудын ярьдагчлан "барьцгүй баагий"-нуудын цугларал болчихоод байгаатай та ч бас санал нийлэх биз. Гудамжинд жагсах нь өнөө цагийн Монголд албан тушаал горилж дарганцаруудын улыг долоох дөхсөнөөс амар гэж олонх хүмүүс ойлгодог гэсэн үг. Тэгэхээр одоо бид дүр эсгэж намиралгүй бугласан идээ бээрийг цэвэрлэх мэргэжлийн мэс засалчтай л болмоор байгаа юм. Гэхдээ өндөр зэрэглэлийн улс төрийн мэс засалч туйлын ховор, бараг л байхгүй гэж бодогдоод байгаа нь тоогүй. Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэгчлэн энгийн иргэд элдэв төрийн болон төрийн бус байгууллагынхны башир арганд авталгүй хөдлөөд үзэхэд болох байх аа. Эцэст нь тэмдэглэхэд тэнгэрээс тэвэр дүүрэн мөнгө унаад ирэхгүй. Тэгээд ч бусдын тусад найдаж суусаар өлсөж үхэв гэдэг шиг хий горьдсоор балагт балчиг намагт шигдэлтэй нь биш. Хаа хаанаа хавханд үнэгүй бяслаг байдаггүйг санаж, сэрүүн зүүднээсээ сэрвэл яасан юм бэ, та минь ээ.
З.Сүхээ
Улаанбаатар Таймс

